Гал голомтод юу байна вэ? Дорнод Монголын говь хээрийн бүс дэх Малгарын анчин түүвэрчдийн сууринд хийсэн судалгааны урьдчилсан үр дүн
Abstract
Өргөн уудам тал нутгийн хүн амыг нүүдлийн мал аж ахуйтай салшгүй холбоотой хэмээн
үздэг. Монголын тал хээрийн бүс нутгаар хэдэн мянган жилийн турш нүүдэллэн, говь, тал хээрийн
хагас хуурай, хуурай бүс нутгийг малчин бүлгүүд эзэмшин байсныг археологичид баталсан юм. Шинэ
чулуун зэвсгийн үед (ойролцоогоор НТӨ 6000-1800 он) говь одоогийнх шиг хуурай биш бөгөөд тухайн
үед чийглэг уур амьсгалтай байж тэнд анчин түүвэрчин бүлгүүд амьдарч байсныг батлах археологийн
олдвор хэрэглэгдэхүүн цөөн тоогоор илэрдэг. “Дорнод Монгол: археологийн хайгуул, малтлага” төслийн
хүрээнд Дэлгэрхаан уул, түүний орчны бүс нутагт явуулсан хайгуул судалгааны үр дүнд бид шинэ чулуун
зэвсгийн үед хамаарах нэгэн бууц сууринг илрүүлсэн юм. Малгар хэмээх энэ дурсгалт газар хийсэн
малтлагаар соёлт давхаргад гал голомтын үлдэгдэл, сууцны давхаргаас чулуун зэвсэг, цөөн тооны амьтны
ясны үлдэгдэл зэргийг илрүүлсэн юм. Эдгээр олдворууд нь Л.Яанз ба бусад судлаачдын гаргасан шинэ
чулуун зэвсгийн үеийн бууц суурин, амьдралын хэв маяг, олдворын төрөл зүйн ангиллаар Баянбүрд 2-т
(НТӨ 6000-3000 он) хамаарч байна. Гэвч 2017, 2018 оны сорилын малтлагаар илэрсэн цөөн олдвор дотор
Баянбүрд 2 давхаргыг тодорхойлох ваар савны үлдэгдэл, тээрмийн багаж зэрэг зүйл байгаагүй. Малгар нь
ургамал, ан амьтны нөөцөөс хамаарч анчид-түүвэрчдийн өргөтгөсөн оршин суух бүс нутгийн сүлжээнд
хамаарч байжээ. Энэ дурсгал тухайн бүс нутагт анхдагч бөгөөд Монголын нэн эртний түүхэн дэх анчин
түүвэрчдийн аж ахуй, суурин сууцыг судлахад шинэ зам нээж болохуйц ач холбогдолтой юм. Хөрш
зэргэлдээх бүс нутгийн археологийн хайгуул судалгааны үр дүнг бууц суурины тархалттай харьцуулан
авч үзснээр Монгол нутаг дахь эртний хүн амын аж ахуй, өөрчлөлт, хувиралын үйл явц зэргийг илүү
нарийвчлан тодорхойлох, загварыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.