УЛС ТӨРИЙН НАМЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Abstract
Нам бол нийгэмд тодорхой үүрэг хүлээдэг улс төрийн институт юм. Улс төрийн намын нийгэмд хүлээдэг үүрэг нь түүний мөн чанартай холбоотой. Улс төрийн намын мөн чанар нь нийгмийн хөгжил дэвшлийг хангахын төлөө бодлого хөтөлбөр дэвшүүлж түүнийгээ сонгогчдоор үнэлүүлэх замаар засгийн эрхийг авах, үгүй ядаж түүнд оролцохын төлөө эрмэлзэж үйл ажиллагаа явуулж байдгаар илэрдэг. Ийм учраас аливаа намын нийгэмд хариуцлага хүлээх байдал нь тухайн намын оршин байх үндэс, нийгэм-улс төрийн амьдралыг удирдан зохион байгуулах чадвараар хэмжигдэнэ. Учир нь улс төрийн нам ерөөсөө өөрийн, бас гишүүдийнхээ төлөө байдаг иргэний нийгмийн байгууллага ч биш, нийгмийн хөгжил дэвшлийг хангах бодлогтой түүнийгээ хэрэгжүүлэх зорилгод чиглэн ардчилсан сонгуулиар засгийн эрхийг авахын төлөө ажилладаг улс төрийн байгууллага. Нийгмийн төлөө гэдэг нь парламент, засгийн газрын бодлогоор дамжуулан ард түмнийг сайн сайхан амьдралд хүргэх улс төрийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж ажиллахыг хэлэх бөгөөд нийгмийн зүгээс тийм байхыг хүсэн дэмжлэгийг үзүүлж мөн хариуцлагыг үүрүүлж байдаг.