ХАРЬЦУУЛСАН УЛС ТӨРИЙН АРГА
Abstract
Хүний нийгмийн үндсэн шинжүүдийн нэг аливаа юмс үзэгдлийг харьцуулах, түүгээр дамжуулан тухайлсан ойлголт, төсөөлөл, үзэл бодолтой болох явдал байдаг. Хүмүүс өөрийгөө, өөрсдийгөө өрөөл бусадтай харьцуулах, гишүүн нь болж байгаа гэр бүл, нийтлэг бүлэг, харьяалагдаж байгаа улс үндэстэн, улс төрийн тогтолцоогоо бусдынхтай харьцуулж, жишсээр ирсэн. Миний хүүхэд байхад капиталист ертөнц гэж ялзарч завхарсан, хүний эрх чөлөө, эрх ашгийг цөөн тооны эрхтэн дархтнуудын тусын тулд уландаа гишгэсэн нийгмийн харилцаа байдаг тухай хэн хүнгүй ярьдаг байв. Улс төр-нийгэм- эдийн засгийн үзэл сурталжсан харьцуулалт буюу анхдагч төсөөлөл маань ингэж бүрэлдэж байсан бөгөөд энэ бүгдийг ухаан санаандаа ургуулан бодох гэж хэрэндээ л зүдэрдэг байж билээ. Өөрөөр хэлбэл харьцуулалт хийх нь хүний төрөлхийн буюу түүнд байгаль эхээс олгосон өгөгдөл гэлтэй. Аливааг харьцуулах нь юмс, үзэгдэл, зүй тогтлын сайн-муу, давуу-сул, хэрэгтэй-хэрэггүй талыг олж илрүүлэх, шаардлагатай гэж үзвэл шинэчлэх, боловсронгуй болгох шийдэлд хүрэх анхдагч арга зам байдаг.