ОРЧИН ҮЕИЙН ТӨРИЙН БЮРОКРАТ УДИРДЛАГА, ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Abstract
XVIII – XIX зууны капитализмын хөгжил, аж үйлдвэржүүлэлтийн үйл явцын үр дүнд рациональ бюрократ нь томоохон үйлдвэр компаниудын дотоод удирдлагын хүрээнд үүсэн, улмаар хувийн аж ахуйн болон төрийн салбарын хүрээнд өргөн тархаж эхэлсэн аж. “Бюрократын рациональ загвар нь нийгмийн амьдралын бусад хүрээнд аажмаар тархаж уламжлалт бюрократ буюу удирдлагын патримониаль хэв маягийг шахаж эхэлсэн байна” 1. Макс Вебер “Бюрократ байгууллага бий болсон явдал нь хүн төрөлхтөний хөгжлийн чухал үе бөгөөд нийгмийн шинэ шатанд дэвшсэнтэй адил юм” 2 гэж үзсэн. Өөрөөр хэлбэл мөнгө ба харилцаа холбооны давуу талгүй хүнд шудрага амьдрах нөхцөлгүй байсан дундад зууны үеийн засаг захиргааны патриархаль болон патримониаль системийг бюрократ зохион байгуулалтаар сольсон нь нийгмийн дэвшил байв.