МОНГОЛ УЛСАД УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН ҮҮСЭН ТӨЛӨВШИЖ БАЙГАА НЬ
Abstract
Түүхэн баримт сөхөж үзэхэд 1991 оноос эхэлж Монгол Улсад улс төрийн шинжлэх ухааныг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсоноор мэргэжлийн түвшинд зориуд, тусгайлан бичсэн анхны өгүүлэл сэлт нийтлэгдэн гарчээ. Ингэж хэлдгийн учир нь асуудлыг энэ дор авч үзэх явцад өөрөө аяндаа тодорхой болох тул түүнийг энд яаран тайлбарлах нь илүүднэ. Арван таван жил бол түүхийн хувьд харьцангуй богино хугацаа боловч эл явцад улс төрийн шинжлэх ухаан манай оронд шинэ тутам үүсэж, төлөвших явцад зохих хэмжээний түүх бий болж, ололт амжилт гарч, бас шийдвэрлэвэл зохих олон янзын асуудал, зорилт тулгамдан тавих болжээ. Тэдгээр асуудлыг мэргэжлийн түвшинд зориуд авч үзэж судлах, санал бодол солилцох, нэгтгэн дүгнэж, урагшлах чиг зүг, арга замаа тодруулах хэрэгцээ шаардлага ч зүй ёсоор гарч ирж байна.