“Шүүмжлэл өгүүлэл” зохиол дахь Күнзийн “ачлал”-ын тухай үзэл сургаал
DOI:
https://doi.org/10.22353/prs20221.5Abstract
Товч агуулга: Эртний Хятадын Хавар Намар Улсын (春 秋)1 үе бол хятадын түүхэн дэх их өөрчлөл шинэчлэлийн үе гэгддэг. Учир нь энэ үед хятадад улс төр, эдийн засаг, соёл зэрэг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ихээхэн өөрчлөлт бий болсноос тухайлбал боловсролын хүрээнд зөвхөн язгууртан гаралтай хүмүүсийг сургадаг, түшмэлбагштай “төрийн сургууль”-ийн нөгөө талд “хувийн сургууль” хөгжиж эхэлжээ. Ингэснээр эрдэмтэн мэргэд хувь хувьдаа шавь элсүүлэх болж, ноёд түшмэдийн боловсрол ард олны дунд түгэх болов. Энэ нь аажимдаа эртний Хятадад “цэцгэсийг дэлгэрүүлж,
эрдэмтдийг цэцлүүлэх” ( 百家争鸣 ) нөхцөлийг бүрдүүлжээ. Энэхүү цаг үед төрөн гарч, үзэл номлолоо боловсруулж, үг сургаалаа айлдаж байсан мэргэдийн нэг нь Күнз юм. Их сэтгэгч Күнз МЭӨ 551 онд хятадын Лү улс ( 鲁 ), одоогийн өмнөд хятадын нутаг Шаньдун мужийн Чү фу хотод төрсөн бөгөөд 2 настайдаа эцгээсээ өнчирч, сахилга бат, дэг журмыг дээдэлдэг ээжийнхээ нөлөөн дор өсөж хүмүүжсэн. Тэрээр багаасаа сургуульд сурсан хийгээд өндөр мэдлэг, ёс суртахуунтай гэрийн багштай байсан зэрэг нь түүний үзэл санаа төлөвшихөд нөлөөлсөн гэж үздэг. Күнзийн зохиол бүтээлийн дотор “Шүүмжлэл өгүүлэл”《论语》 зохиол нь түүний сургаал номлолыг илэрхийлэх чухал эх сурвалжийн нэгд зүй ёсоор тооцогддог. Күнзийн үзэл сургаалын хамгийн гол ойлголт нь “өршөөл” (仁) бөгөөд “өршөөл”-ийн суурь нь “ачлал” (孝) хэмээх ойлголт болдог. Энэхүү өгүүлэлд “Шүүмжлэл өгүүлэл” зохиолд Күнзийн “ачлал”-ын тухай үзэл сургаал хэрхэн илэрч байгааг өгүүлэхийг зорилоо.