МОНГОЛ ХААДЫН ОРШУУЛГЫН ТУХАЙ ДУНДАД ЭРТНИЙ ГАР ЗУРГИЙН ЗАРИМ МЭДЭЭ (Чингис хааны алтан хайрцагны (авсны) тухай дүрслэн үлдээсэн нь)
Keywords:
Монгол оршуулга, Чингис хаан, Перс иллюстраци (үзүүлэн зураг), Бурхан халдун, Илхаадын миниатюр (Номын чимэглэл зураг), Рашид-Ад-ДинAbstract
Дундад эртний Монголын Эзэнт гүрний сэдэв бүхий Перс номын чимэглэл (үзүүлэн) зургуудад түүхэн нууцлаг үйл явдлын зарим мэдээллийг үлдээсний нэг нь Чингис хааны оршуулгын тухай юм. Монгол язгууртны оршуулга болон Их хааныг онголсон сэдвээр Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-тай шууд болон дам холбогдох зарим гар зургуудыг энд эрэн цуглуулж, зохих ажиглалт хийлээ. Ажиглалт хийсэн эртний гар зургуудын олонх нь Чингис хааны оршуулгатай холбоотой нэрээр зарим судалгааны бичвэрүүдэд хавсран хэвлэгдсэн ба өөр хоорондоо ялгаатай зургууд хирнээ дундад эртний монгол язгууртны оршуулгын зан үйлийг ижил төстэй мэдээллээр тод тусган харуулснаараа нийтлэг шинжтэй байна. Монгол удирдагч болон язгууртны оршуулгыг (авс, эд өлөг, ёслол бэлгэдэл, зан үйл гэх мэт) нүдэнд харагдах (визуальный ба visual) аргаар дүрсэлсэн Перс номын чимэглэл зургууд нь эртний тайлагдаагүй нууцын (хаадын оршуулга) талаар бодтой баримт сэжим болох боломжтойг ажиглалт баталж байна. Судалгаанаас үзэхэд, гар зургийн өвүүдэд дүрсэлж үлдээсэн угсаатны зүй, зан үйлийн хэв шинж нь Дундад эртний монголчуудын оршуулгын тухай өгүүлсэн түүхэн сурвалжууд, бичгийн эхийн баримтуудыг даруй нотолж, шинэ мэдээгээр баяжуулан баталгаажуулж байна. Шинээр анхаарал татаж буй Чингис хаан ба монгол хаадын онгон судлалаас гадна монгол (язгууртны) оршуулга, эртний зан үйлийг шинжлэн танихад энэ ажиглалт-мэдээлэл зохих ач холбогдлоо өгөх юм.