БАРУУН ИЛГЭНИЙ ЭРТНИЙ БИЧЭЭС
Keywords:
Дундговь аймаг, Дэлгэрхангай сум, Инэл (Дэлгэрхангай) уул, Баруун илгэн, эртний хятад бичээсAbstract
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Инэл буюу
Дэлгэрхангай уулын баруун өмнө Баруун илгэнд (Өнөөдөр нутгийн хүмүүс
Хүрэн хайрхан уул гэж нэрлэх болсон) эртний хятад бичээс байсныг 2001 онд
Монголын Үндэсний телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлгээр анх олон нийтэд
мэдээлсэн ажээ.
Түүнээс хойш цөөнгүй эрдэмтэд үзэж судалсан мэдээ буй боловч уншиж
тайлсан судалгаа өнөө хэр хараахан үгүй бололтой. Тиймээс бид 2016 оны 6-
р сарын 24-26-нд уг бичээсийг хуулбарлан авч дахин нягталж судалсан болно.
Энэхүү өгүүлэлдээ хээрийн шинжилгээний ангийн ажлын зарим үр
дүнгээс, тухайлбал Хүннү хийгээд Хан улсын түүхийн чухаг сурвалж болох
бичээсийн хэв дардас, гэрэл зураг, бичлэг зэрэг эх хэрэглэгдэхүүний баримтыг
сурвалжийн мэдээ сэлттэй харьцуулж, улмаар уг судалгаандаа тулгуурлан
бичээсийг монгол хэлнээ орчуулсан орчуулга, товч тайлбар, холбогдох
түүхэн мэдээ, мөн Янь Рань буюу Инэл уул орчмын газарзүйн онцлог, нэрийн
талаар товч авч үзсэн болно.
Баруун илгэний хаднаа сийлсэн уг эртний бичээс нийтийн тооллын 89-
91 онуудад Хан улсын цэрэг Хүннүг довтолсон түүхэн үйл явдлын нотолгоо
болж буйн хувьд чухал ач холбогдолтой. Янь Рань (Инэл буюу Дэлгэрхангай)
уулыг Хан улсын цэрэг тахиж, ялалтын алдраа хаданд ийнхүү сийлж
мөнхжүүлсэн нь эртний архивын нэгэн бичмэл сурвалжтай үг үсгээр тохирч,
тэдгээрийг харгуулан тайлах өвөрмөц боломжийг судлаачдад олгож байна.
Уг бичээсийн онцлог ба түүхэн гол үнэ цэнэ үүнд оршино.