ЭЛАН СВИНГВҮҮД. “СОЦИОЛОГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТҮҮХ
Abstract
- Социологийн эх сурвалжууд
“Социологи” хэмээхдээ бид, өөрийн гэсэн судлах зүйл бүхий өвөрмөц салбар ухааныхаа хувьд эдийн засаг, түүх, гүн ухаан болон хууль зүй зэрэгтэй холбогдох ажлуудаас илэрхий ялгарсан, системт мэдлэг, тусгай арга зүй хийгээд ойлголтын хүрээг хамарсан цогц бүрдлийг л төсөөлж байгаа бол XIX зуунаас өмнө социологи байсангүй. Түүхэн болоод эмпирик зүйл болохынх нь хувьд нийгэмтэй холбоотой судалгаанууд аль эрт, тухайлбал, XYIII зууны Франц болон Шотландад (эдгээр нь, түүхэн ба шинжлэх ухаанч сэтгэлгээ хийгээд судалгааны аргуудад шүтсэнийхээ дүнд тухайн үед зонхилж асан улс төрийн болон ёс зүйн философийн сургаалиудыг хэт ерөнхий, түүхээс ангид хүрээний уламжлалт сонирхлоос нь холдуулж, социал хүрээний онцлог байдлыг ойлгох тал руу хэлбийлгэж чадсан улс орнууд байлаа) эхэлсэн байсан ч гэлээ “социологи” хэмээх нэр томьёог олсон нь XIX зууны эхээр Огюст Конт байсан юм. Гэхдээ би XYIII зууны нийгмийн онол социологийг бий болгосон гэж бодож байгаа хэрэг биш юм шүү, миний бодлоор бол XYIII зууны нийгмийн онол нь улс төрийн философи, түүх, улс төр эдийн засаг ба социологийн өвөрмөц байдалтай холимогоос төдийлөн хэтэрсэнгүй.