Монголын төрийн удирдлагад нөлөөлөх олон түмний намын мөн чанар
Abstract
Улс төрийн системийн бүтцийн өөрчлөлт нь систем дэх хамгийн гол үүрэг гүйцэтгэгч элементийн бүтэц-функционалийг өөрчлөхөөс эхэлдэг. Учир нь системд гол үүрэг гүйцэтгэж буй элементийн гажуудлаас системийн тэнцвэр алдагддаг. Энэ нөхцөлд бүтцийн өөрчлөлт нь тухайн элемент болон системийн зохион байгуулалтын хэлбэр, шинж чанарыг өөрчилсөнөөр системийн агуулга аажим өөрчлөгддөг. Харин агуулга нь хэлбэрээ өөрчлөнө гэдэг бол, гэнэт төрөл арилжсан мэт өмнөх үнэт зүйлсээ үгүйсгэн устгадаг марксист философи буюу хувьсгал юм. Системийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ өмнөх системийн тэнцвэр алдагдахад гол үүрэг гүйцэтгэсэн элементийг өөрчлөхөөс эхэлдэг бөгөөд эс тэгвэл системийн өөрчлөлтийн агуулга нь хэлбэртэйгээ зөрчилдөнө. Энэхүү хэлбэр, агуулгын зөрчил нь Монголын нийгэм, улс төрийн системийг бүхэлд нь хамарч, нийгмийн харилцааг эрүүл бус авлигын тогтолцоо руу чиглүүлсэн нь улс төрийн систем дэх тогтолцооны гажгийг илэрхийлж буй аж.