Цөмийн физикийн судалгааны төв байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Физик сэтгүүлийн тусгай дугаар

2025-02-19

Монгол улсад цөмийн физикийн шинжлэх ухаан хөгжих, сургалт, судалгааны ажил эхлэх дотоод, гадаад нөхцөл 1960-аад оноос тавигдсан юм. Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтээс нейтроны генераторыг МУИС-д шилжүүлэн авсантай холбогдуулан 1965 онд МУИС-ийн ректорын тушаалаар цөмийн шинжилгээний групп байгуулагдаж Цөмийн физикийн судалгааны төвийн үндэс суурь тавигдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Цөмийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр шинэ мэдлэг бүтээх, шинэ технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг зорилго болгон үйл ажиллагаагаа явуулж ирсэн Цөмийн физикийн судалгааны төвийн 60 жилийн ойг тохиолдуулан гаргах Физик сэтгүүлийн тусгай дугаарт Эрхэм эрдэмтэн судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тусгай дугаарт цөмийн физик, технологи, инженерчлэлийн судалгаа-хөгжүүлэлт, төрөл бүрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, боловсролын асуудлуудыг хамарсан сэдвийн өргөн цар хүрээтэйгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Бүтээлийг "Физик" сэтгүүлийн онлайн платформоор дамжуулан 2025 оны 6-р сарын 01-ний өдрийг дуустал хүлээн авна.

Физик сэтгүүлийн редакц.