БАРГА БУРИАД АЯЛГУУНЫ ОНЦЛОГ
Abstract
Хятад улс дахь монгол хэлний нутгийн аялгууг барга буриад аялгуу, өвөр монгол аялгуу, ойрад аялгуу хэмээн гурав хуваадаг бөгөөд барга буриад аялгууг бас зүүн хойд аялгуу ч гэж нэрлэдэг. Барга буриад аялгуу гэдэг нь голдуу Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошуу, Шинэ барга баруун хошуу, хуучин
барга хошуу болон Эвэнк үндэстний өөртөө засах хошуу, Хайлаар зэрэг газрын барга буриадуудын хэл яриаг хэлж байна. Барга буриад аялгууг үндсэндээ шинэ барга, хуучин барга ба буриад гэх гурван аман аялгуунд хувааж үздэг. Шинэ барга аман аялгуугаар Шинэ барга зүүн, Шинэ барга баруун хошууны барга монголчууд ярилцана. Хуучин барга аман аялгуугаар хуучин барга хошууны барга монголчууд
ярилцана. Буриад аман аялгуугаар Эвэнк хошууны Шинэхэн зүүн сум, Шинэхэн баруун сум, Мөнгөнчулуу сум, Баянтал сумын буриадууд ярилцана. Баргачууд XI, XII-р зууны үед Байгал нуурын зүүн этгээд Баргужин төхмөөр нутаглаж байжээ. XVII-XVIII зууны үед Оросын эзэнт гүрэн газар нутгаа
тэлэхэд түрэгдэн Баргужин төхөм нутгаа орхин Халхын Цэцэн хан аймагт ирэв. XVIII зуунд Манжийн Найралт төв хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн ирж, чингээд 1732 онд ирснийг нь Хуучин барга гэж, 1734 онд ирсэн нь Шинэ барга хэмээн нэрийддэг болов.