МАЛЧИН АЙЛЫН НУТАГШИЛ НҮҮДЭЛЛЭХ ЁСНЫ УЛАМЖЛАЛ
Keywords:
Малчин айл, Нүүдэлллэх ёсAbstract
Монгол малчдын үеэс үед улируулан хөгжүүлж ирсэн нэгэн ололт бол "оршин зохицохуйн" байгаль орчны тухай мэдлэг ухааны уламжлал билээ. Цаг хугацааны ихэнхийг малын дэргэд хөдөө хээр өнгөрөөдөг монголчууд нутаг нуга, газар усныхаа бичил уур амьсгал, ургамал, амьтны аймаг, хөрс шороо, ус ундны байрлал зэргийг танин ойлгон хүн, малд ямар нөлөөтэй болохыг ухаарч ахуй амьдралаа зохицуулж иржээ. Нүүдэлчдийн хувьд идээшин дассан нутаг бол амьдрах орчин болдог. Иймээс малчин хүн нутаглаж байгаа газрын тухайдаа малын бэлчээрийг нэгтгэсэн хам ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл хүн, мал, бэлчээр нэгдэж нутагших орон зайг үүсгэж манай нутаг-өтөг бууц хэмээн нэрлэгддэг аж. Малчин хүний өдөр тутмын хэллэгт нутаг бэлчээр, нутаг ус, тэднийхэн Цохиотын аманд буужээ, Жаргалантын худаг төчнөөн айлтай гэхчлэн яригддаг. Нүүдэлч-малчид хот айлын хэлбэрээр төвлөрч буух ба малын бэлчээр нь эргэн тойрон ойролцоогоор 30 км орчимд байна. Малчин хүн бэлчээрийн газар ойлголтыг малын бэлчээрлэх зайг баримжаалан тоймлон тогтоож заншсан аж. Үүнд таван хушуу малын хол, ойр бэлчээрлэн явах чадварыг харгалзан адуу, тэмээ, үхрийг урт хөлт бод мал, хонь, ямааг богино хөлт бог мал гэж ялгана. Бод, бог малын ба төлийн бэлчээр гэж нэрлэдэг талаар ардын домог түүхэнд цөөнгүй тусгагдсан байдаг юм. Жишээлэхэд "бярууны бэлчээрээс хол газар яваагүй, босгоноос өндөр даваа даваагүй хүн" гэж зүйрлэн хэлсэн үг ч буй. Ийнхүү айлын нутагшил аль хир хэмжээний газар нутгийг хамарсан байх нь жилийн дөрвөн улирал ба газар орчны байрлалаас үндэслэн харьцангуй ойлголт гэж болно. Гэхдээ энэ бол нүүдэл ахуй, нүүдэл иргэншлийг танин мэдэхэд маш чухал зүйл гэлтэй. Тухайлбал, уулархаг нутагтай Хөвсгөл аймгийн Дархад ардын дунд "Морины аргамжааны газар /25-30 м/, хонины бэлчээрийн газар /1-2 км/, үхрийн бэлчээрийн нутаг /2-2,5 км/, тугалын бэлчээр /нэг км орчим/, хурганы бэлчээр/ 500 м-ээс нэг км/, адууны бэлчээр /4 км орчимоор/ тус тусыг тоймлосон байдаг 21 бол говь, тал хээрийн бүс нутагт ч иймэрхүү /хол, ойрын зай/ төсөөлөлтэй байх нь ажиглагддаг.