Хятаны Ляо улсын умард хилийн бэхлэлт, хэрмийн судалгааны зарим асуудалд
Keywords:
Хятан, Ляо, Чингисийн далан, хилийн бэхлэлт хэрэмAbstract
Энэхүү өгүүлэлд Хятаны умард хилийн бэхлэлт, хэрмийн судалгааны түүхэн байр суурь, баригдсан болон ашиглаж байсан цаг хугацааны тухай асуудлыг хөндөхийг оролджээ. Судалгааны байдлаас үзвэл, “Чингисийн далан”-гийн хойд шугамыг Хятаны Ляо улсын үед (916-1125) байгуулсан бөгөөд Зүрчидийн Алтан улсын үед (1115-1234) залган ашиглаж байжээ. Зарим бэхлэлтийг 1147 онд Монголчууд булаан авч байсан бөгөөд Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Урд гэртийн говийн бэхлэлтээс хожим Юань улсын үед ч ашиглаж байсан байж болзошгүй он цагийн материал илэрчээ. “Чингисийн далан” хэмээх байгууламж нь умардын нүүдэлчин үндэстний довтолгооноос сэргийлэх, дайралтыг тогтоон барьж өмнө зүгт байгаа сэргийлэлтийн хэдэн давхар шугам хийгээд гол хот сууринд мэдээ хүргэх цаг хожих, хүн амын шилжилт хөдөлгөөнийг хянах, зам харилцаа, татвар хураалт, бэлчээрийн зохицуулалт гэх мэт олон чиг үүрэгтэй байгуулагдсан бололтой. Одоо ч гэсэн “Хэрмэн зам” хэмээх тал нутгийн зам харилцааны үүргээ биелүүлсээр байгаа билээ.