Их Шавийн Орлойн мэргэн хутагт
Abstract
Халхын шашны тэргүүн Жибзундамба хутагтын харьяанд өөрийн орон хийд, отог шавийг захирах эрдэм мэдлэг, эрх ямба бүхий хутагтууд захирагдаж байсан билээ. Тэднийг Их шавийн голын долоон хутагт хэмээн нэрлэдэг. Эдгээр хутагт нь тамгагүй хутагтууд юм. Богд гэгээний голын долоон хутагтууд шашин номын үйлээрээ ихэд алдартай байсан бөгөөд тэдний дотроос эрдэм мэдлэг, улс төрийн үйл ажиллагаагаараа тодрон Монголын соёл, улс төрийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хутагт хувилгаад цөөнгүй байв. Тэдний төлөөлөл бол шашин төрийн зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндорж, шашны зүтгэлтэн Орлойн мэргэн хутагт нар байсныг түүх гэрчилнэ. Голын долоон хутагтын түүхийн судалгаа нь зөвхөн долоон хүний асуудал биш олон үе хувилан төрсөн хутагтуудын түүх билээ. Гэтэл манай түүх бичлэгт хамтатгасан байдлаар тойм төдий авч үзсэн байдаг. Манзушир хутагт Цэрэндоржийн улс төрийн үйл хэргийн судалгааг эс тооцвол төдийлөн хийгдээгүй орхигджээ гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр түүхэн зүтгэлтнүүдийн түүх намтрыг судлах нь Түүхийн шинжлэх ухааны хавсарга ухаан, Намтар судлалын салбарт төдийгүй, өмнөх үеийн түүх судлалын цагаан толбыг арилгахад зохих үүрэг гүйцэтгэнэ. Иймээс энэхүү өгүүлэлд Их шавийн голын долоон хутагтын нэг Дарьганга нутагт залагдсан Орлойн мэргэн хутагтын түүх, үйл хэргийг хэрхэн тодруулснаа өгүүлэх болно. Энд, Орлойн мэргэн хутагт Жибзундамба хутагтын шавьд хэрхэн захирагдсан, хийд орноо байгуулсан, тусгай отог шагнагдсан, Дарь овоог тахих үүргийг хүлээх болсон гэх хэсгүүдээр тодруулан үзэхийг зорилоо. Чингэхдээ Монгол Улсын Үндэсний Төв Архивын Түүхийн баримтын архив, Монголын Үндэсний Номын Сангийн Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөг, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивын зохих баримтууд болон нутгийн ардын аман түүхийн эх сурвалжуудыг ашигласан болно.
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.