Их Юань улсын Хятад дахь ноёрхлоо сэргээх оролдлого
Abstract
1260 онд Хубилай Их Монгол улсын хаан ширээг залгамжилж, улмаар Хятадыг эрхшээн захирснаар Их Юань хэмээх Их Монгол улс хүчирхэгжин мандсан билээ. 1368 онд Их Юань улсын Хятад дахь засаглал, ноёрхол унаснаар Монголын төр уугуул эх нутагтаа шахагдан гарсан юм. Монгол орондоо буцсан Их Юань улсын хаан, түүний залгамжлагчид Хятад дахь засаглал, ноёрхлоо дахин сэргээн байгуулахыг оролдож, идэвхтэй бодлого, үйл ажиллагааг явуулжээ. Ухаант хаан Тогоонтөмөр 1368-1370 он, Билэгт хаан Аюушридар 1370-1378 он, Усхал хаан Төгстөмөр 1378-1388 оныг хүртэл Монголын төр улсыг удирдан жолоодохдоо дайн самууны улмаас бутран сарнисан төр улсаа эмхлэн цэгцлэх, цэргийн хүчээ нэгтгэн зузаатгах, Мин улсын цэргийн довтолгоог хориглон зогсоох, хараат улс оронтой харилцаа холбоогоо дахин сэргээх, хамтын хүчээр Мин улсыг эсэргүүцэн байлдах, Хятад дахь засаглал, ноёрхлоо дахин сэргээн байгуулахыг зорьж, 20 орчим жил шаргуу тэмцсэн байна. Гэвч Их Юань улсын Хятад дахь засаглал, ноёрхлыг дахин сэргээн байгуулах зорилгодоо хүрч чадаагүй юм. Хэдий тийм боловч эдгээр хаадын бодлого, үйл ажиллагаа нь зарим талаар ихээхэн амжилт олжээ. Тухайлбал, Монголын төр улсыг богино хугацаанд эмхлэн цэгцэлж, цэргийн хүчээ зузаатгасан, 1372 онд Мин улсын их цэргийг бут цохиж, дайсны цэргийг довтолгоог зогсоосон, 1374 онд Мин улс урьд олзолсон хунтайж Майдарбалыг суллан буцааж, найрсаг харилцаа тогтоож байгаагаа илэрхийлсэн, 1374 оноос урьдын хараат улс болох Солонгосын Корйө улстай харилцаагаа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.