Их Юань улсын "Улсын хөвгүүдийн сургууль"-ийн үүсэл, хөгжил
Keywords:
Их Юань улс, Хубилай хаан, Улсын хөвгүүдийн сургууль, Монгол үсгийн улсын хөвгүүдийн сургууль, Сартуулын улсын хөвгүүдийн сургууль, Улсын хөвгүүдийн сургуулийн захиргаа, Монгол үсгийн улсын хөвгүүдийн сургуулийн захиргаа, Сартуулын улсын хөвгүүдийн сургуулийн захиргааAbstract
Энэхүү өгүүлэлд Их Юань улсын (XIII–XIV зуун) төрийн боловсролын тогтолцооны гол цөм болсон Улсын хөвгүүдийн сургуулиудын үүсэл, бүтэц, захиргаа, сургалтын дүрэм, багш суралцагчдын бүрэлдэхүүнийг түүхийн сурвалж бичгийн мэдээ баримтад тулгуурлан авч үзлээ. Хубилай хааны үед төрийн түшмэдийг бэлтгэх бодлогын хүрээнд Улсын хөвгүүдийн сургууль, Монгол үсгийн улсын хөвгүүдийн сургууль, Сартуулын улсын хөвгүүдийн сургууль гэсэн гурван төрлийн Улсын хөвгүүдийн сургуулийг байгуулжээ. Улсын хөвгүүдийн сургууль нь Өгэдэй хааны үеэс үүсэлтэй бөгөөд Хубилай хааны үед зохион байгуулалт, сургалтын агуулга, захиргааны бүтцэд шинэчлэл хийж, их нийслэл Хаанбалгас хотод төвлөрөн хөгжсөн төдийгүй дээд нийслэл Шанду хотод салбар сургууль байгуулснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломж бүрджээ. Монгол үсгийн улсын хөвгүүдийн сургууль нь Пагва ламын зохиосон дөрвөлжин бичгийг зааж сургах зорилготойгоор байгуулагдаж, угсаатны ялгааг үл харгалзан төрийн бичгийн хэрэг хөтлөх чадвартай түшмэдийг бэлтгэхэд чиглэж байв. Харин Сартуулын улсын хөвгүүдийн сургууль нь араб, перс хэлтэй буюу “өнгөт нүдтэн” түшмэдийг сургах замаар гадаад харилцаа, санхүү, тооцооны салбарт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх үүрэгтэй байжээ. Эдгээр гурван төрлийн Улсын хөвгүүдийн сургуулийн захиргааг тус тусад нь байгуулсан байна. Энэ нь эдгээр гурван сургуулийн зорилго, чиг үүрэг, онцлогтой холбоотой юм. Улсын хөвгүүдийн сургуулиудын дүрэм журам нь анги дэвшүүлэх дүрэм, шалгалтын онооны дүрэм, сахилга шийтгэлийн дүрмээр бүрэлдэж байжээ. Сургуулийн багш нь эрдэмтэн, туслах сургагч, гол сургагч, сургалтын тэмдэглэгч гэсэн зэрэглэлтэй байв. Суралцагчид үндсэн суралцагч, дагалдан суралцагч, ханьсан суралцагч гэсэн гурван төрлийн бүрэлдэхүүнтэй байжээ.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.