Archives

  • Нягтлан бодох бүртгэлийн онол, практик

    Нягтлан бодох бүртгэлийн онол, практик
    Vol. 1 No. 1 (2017)

    Өмнөх үг

    Эрхэм уншигч та бүхний түмэн амгаланг эрэн мэндчилж, “Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийн анхны дугаарыг толилуулж байна.

    Аль ч улсын нийгэм, эдийн засгийн амьдралд нягтлан бодох бүртгэл, түүнтэй холбоотой асуудал хамгийн түгээмэл харилцааны нэг. Нягтлан бодох бүртгэлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар эрдэмтэн мэргэд, улс төр, бизнесийн нэртэй удирдагчдын хэлсэн үг цөөнгүй бий. Даяарчлалын энэ эрин үед бизнесийн үйл ажиллагаа, түүний үр дүнг хэн ч харж болох хамгийн түгээмэл хэл бол нягтлан бодох бүртгэл мөн. Энэ түгээмэл хэл олон зуунаас улбаалан өнөөдрийг хүртэл улам боловсронгуй болон хөгжиж, түүний агуулга, хүрээ нь өргөжин тэлсээр байна.

    Нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн тулгамдсан асуудлын талаар оюутан, магистрант, докторант, судлаачид, мэргэжилтнүүдийн гарын авлага болохуйц, судалгаанд үндэслэсэн бүтээл туурвил өнөөдөр үгүйлэгдэж байгаа тул энэ зорилгын үүднээс “Нягтлан бодох бүртгэлийн онол практик” сэтгүүлийг улирал бүр гаргах болж байгаад бид баяртай байна.

    Зах зээлийн нийгэмд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, түүний хөгжлийг харах толь нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан байдаг. Хөрөнгийн зах зээлийг өргөтгөн хөгжүүлэхэд бүртгэл, тайлагналын үүрэг өсөн нэмэгдэж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, түүнийг хянан баталгаажуулах, гүйцэтгэлийг шинжилж, үнэлэн дүгнэх арга зүйг боловсронгуй болгох, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг өөрийн онцлогт нийцүүлэн нутагшуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

    Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь мэргэжлийн их, дээд сургууль, хүрээлэнгүүдэд энэ чиглэлээр хийгдэж байгаа судалгаа боловсруулалт, өөрийн орны болон гадаад орнуудын сайн туршлагыг нийтэд түгээх, мэргэжлийн хөгжлийн чиг хандлагыг угтан тодорхойлох, эрдэмтэн судлаачдын бүтээл, санал зөвлөмжийн нээлттэй хэлэлцүүлгийн индэр байлгахад чиглэгдэх болно.

    Уншигч Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, мэргэжлийн судалгаа хөгжилд идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

    Сэтгүүлийн редакц

  • Нягтлан бодох бүртгэлийн онол, практик
    Vol. 3 No. 1 (2019)

    Эрхэм уншигч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж “Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийн 2019 оны анхны дугаар буюу нийт найм дахь дугаараа толилуулж байна.

    Нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн тулгамдсан асуудлын талаар оюутан, магистрант, докторант, судлаачид, мэргэжилтнүүдийн гарын авлага болохуйц, судалгаанд үндэслэсэн бүтээл туурвилуудыг хэвлэх, тэдгээрийн чанарыг сайжруулах зорилгоор “Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийг 2019 оноос эхлэн хагас жилд нэг удаа гаргахаар төлөвлөж байна.

    Даяаршлын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн ач холбогдол тухайн улс төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд улам өсөн нэмэгдэж, Нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэл судлаачдын дэлхийн олон улсын байгууллагууд бий болж, олон жил идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсний дотор сүүлийн үед нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил, судлалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Үүний дагуу улс орнуудад нягтлан бодох бүртгэлийн түүхийн судалгаа идэвхитэй хөгжиж байна. Энэхүү үйл хэрэгт хувь нэмэр болгон нягтлан бодох бүртгэлийн түүхийн судалгааг Монгол улсад идэвхижүүлэх, эрдэмтэн судлаачдын анхаарлыг энэ зүг рүү чиглүүлэх зорилгоор манай сэтгүүл энэ дугаараас эхлэн нягтлан бодох бүртгэлийн түүхийн асуудлаар дугаар бүрт нэг өгүүллийг бүрэн хариуцан гаргаж байхаар боллоо.

    Нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оюун санаагаа зориулан бидний сэтгүүлд өөрийн бүтээлээ ирүүлсэн нийт эрдэмтэн, судлаачид та бүхэнд баярласнаа илэрхийлж байна.

    Уншигч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, мэргэжлийн судалгаа хөгжилд идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

    Сэтгүүлийн редакц

  • Нягтлан бодох бүртгэлийн онол, практик
    Vol. 2 No. 3 (2018)

    Өмнөх үг

    “Нягтлан бодох бүртгэлийн онол практик” сэтгүүлийн 2018 оны 3 дахь дугаарыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

    МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь бакалаврын хөтөлбөрийнхөө өөрийн үнэлгээний тайланг 2001 оноос бэлтгэж, 2006 онд анх удаа, 2013 онд хоёр дахь удаагаа хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэж үндэсний зөвлөлийн гэрчилгээг МУИС-ийн хэмжээнд анх удаа авсан төдийгүй 2013 онд сургуулийн бусад хөтөлбөрүүдийн хамт олон улсын байгууллага (ACBSP)-аар хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлж, 2018-2019 онд нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлангаа бэлтгэж байна.

    Монгол Улсын Боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг үндэсний хэмжээнд болон олон улсын төвшинд бэхжүүлэх зорилго бүхий Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Дээд боловсролын хөгжил, чанарын баталгаажуулалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 9 сард зохион байгуулагдсан.

    Боловсролын чанарыг сайжруулах хамгийн чухал арга бол өөрийн болон мэргэшсэн шинжээчдийн үнэлгээнд суурилсан чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүх шатны боловсролын байгууллагад нэвтрүүлэх явдал юм. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг БМИҮЗ-ийн 20 жилийн ойд зориулан дээрх хурлын илтгэлүүдийн эмхэтгэлээр гаргаж байгаадаа бид баяртай байна.

    Редакцийн зөвлөл

  • Нягтлан бодох бүртгэлийн онол, практик
    Vol. 2 No. 1 (2018)

    Өмнөх үг

    Эрхэм уншигч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж “Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийн 2018 оны анхны дугаарыг толилуулж байна.

    Нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн тулгамдсан асуудлын талаар оюутан, магистрант, докторант, судлаачид, мэргэжилтнүүдийн гарын авлага болохуйц, судалгаанд үндэслэсэн бүтээл туурвилыг хэвлэх зорилгын үүднээс “Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийг улирал бүр гаргаж 4 дэх дугаараа хүргэж байгаадаа баяртай байна.

    Сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан бэлтгэлээ.

    Нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оюун санаагаа зориулан бидний сэтгүүлд өөрийн бүтээлээ ирүүлсэн нийт эрдэмтэн, судлаачид, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Бизнесийн сургууль болон ХААН банкны хамт олонд гүн талархалаа илэрхийлж байна.

    Уншигч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, мэргэжлийн судалгаа хөгжилд идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

    Сэтгүүлийн редакц