МОНГОЛЧУУДЫН ТӨВД ХЭЛНЭЭС ОРЧУУЛСАН ЗОХИОЛЫН ТОЙМ
Keywords:
судрын орчуулга, Ганжуур, Данжуурын орчуулга; утгачилсан ба аман бичгийн орчуулга, хөрвүүлэгAbstract
Монголчууд бүр 13-14 зууны үеэс төвд хэлнээс ном судар орчуулж байсан түүхтэй. Эдгээр ном судар буддын шашны агуулгатай байснаас гадна тэжээх ухаан, одон зурхай, зохист аялгуу, учир шалтгааны
ухаан зэрэг буддын утга зохиолын олон салбарыг хамарч байв. Монгол орчуулгын үйлсэд төв халх, буриад, ойрад, өвөрлөгч аймгийн үе үеийн эрдэмтэн мэргэд, гүүш хэлмэрч нар оролцож орчуулгын асар их өвийг монгол бичгээс гадна тод, дөрвөлжин, соёмбо зэрэг бичгээр бичиж туурвисан нь өдгөө Монгол
улсад төдийгүй дэлхийн бусад орны номын санд ч хадгалагдаж байна. Монголын хаад нийгэм, улс төрийн зорилгоор төвдийн улааны болон шарын шашныг дэлгэрүүлж, Төвд, Монгол хоёр орны хооронд утга зохиолын харилцаа холбоо тогтсон тэр цаг үеэс төвд хэлнээс ном судар орчуулж эхэлжээ. Ялангуяа шарын шашин хүчтэй дэлгэрсэн 17-18 зуунд төвд хэл эрдэм боловсролын хэлний үүргийг гүйцэтгэх болж, монгол лам нар төвд хэлээр бүтээлээ туурвиж, төвд хэлнээс ном судар орчуулах үйл ч өрнөн хөгжсөн байна. Чухам энэ үед Монголын орчуулгын түүхэнд томоохон байрыг эзлэх төвд Ганжуур, Данжуурыг монголын нутаг бүрээс цугларсан хэлмэрч гүүш нар орчуулж дуусгах, ариутган шүүх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн төдийгүй төвд хэлнээс ном судар орчуулах гарын авлага болох "Мэргэд гарахын орон" нэрт толь бичгийг зохион найруулжээ.