Манж Чин улсын эхэн үед төрөөс орон нутагт хэрэгжүүлсэн давсны бодлого
Алшаагийн хошууд хошууны жишээн дээр
Abstract
Алшаагийн Хошууд хошуунд хэрэгжүүлсэн Чингийн төрийн давсны бодлогын мөн чанар нь төрийн эрх ашгийг ямагт эн тэргүүнд тавих явдал байсан нь тодорхой харагдаж байна. Тэд төрийн эрх ашигт ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй тохиолдолд тодорхой хэмжээгээр дэмжсэн бодлого хэрэгжүүлж, харин сөргөөр нөлөөлөх үед хяналт, хязгаарлалтын хатуу бодлогыг явуулж байсан онцлогтой. Тэнгэр тэтгэгч хааны үед Алшаагийн Хошууд хошууны давсны үйл хэрэгт харьцангуй зөөлөн бодлого баримталж, хошууны хүсэлт гуйлтыг зөвшөөрч, нааштайгаар хүлээн авч байжээ. Давсны үйл хэрэг нь Хятад газрын зах зээл хийгээд Алшаагийн Хошууд хошууны хоёр талын эрх ашигт харилцан ашигтай байсан тул Чингийн төр дэмжих бодлого баримталж байв. Сайшаалт ерөөлт хааны эхэн үед Алшаагийн Хошууд хошуунд хэрэгжүүлсэн давсны бодлогын гол онцлог нь амуу будаа болон онгоц хийх модны тоог багасгаж, улмаар хязгаарлах зарчмаар үргэлжилсэн юм. Өмнөх үетэй харьцуулбал харьцангуй хатуу чанга бодлого хэрэгжүүлж, давс тээвэрлэх онгоцны тоог багасгах, усан замыг хаах, хориглох зэргээр үргэлжилж, Алшаа хошууны давсны үйлдвэрлэлийн эрх ашгийг бус төрийн эрх ашиг, Хятад газрын зах зээл, албан давсны эрх ашгийг хамгийн эхэнд тавих болсон онцлогтой байна. Дээрх хоёр хаадын үеийн давсны бодлого нь: нэгдүгээрт, Чингийн төр өөрсдийн дотоодын зах зээл, албан давсны үйлдвэрлэлийг хамгаалах явдалтай холбоотойгоор хэрэгжиж байжээ. Хоёрдугаарт, Алшаагийн засаг ноёд болон Чин улсын хаадын хоорондын харилцаа, засаг ноёдын төрд байгуулсан цэргийн гавьяа, худ ургийн холбоо буюу төрийн эфү болсон явдалтай холбоотойгоор хэрэгжиж байв. Лувсандорж, Ванчинбамбар зэрэг засаг ноёдын үед Чингийн төрийн давсны бодлого харьцангуй зөөлөн, дэмжсэн шинжтэй байсан бол Махбалын үед харьцангуй хатуу чанга, хязгаарлалтын бодлогыг хэрэгжүүлэх болсон байна. Чингийн төрөөс Алшаагийн Хошууд хошуунд хэрэгжүүлсэн давсны бодлогын судалгаа нь Манж Чин улсын зүгээс Монгол нутагт баримтлан явуулж, хэрэгжүүлж байсан бодлого, түүний мөн чанар, онцлогийг таньж мэдэх, тодруулахад зохих хувь нэмэр болох ач холбогдолтой болно.
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.