Порт Артурын хэрэг

Authors

  • Жамсран Урангуа

Abstract

ХХ зууны Монголын түүхийн хар толбо болсон үзэгдэл болох хэлмэгдүүлэлтэд зөвхөн монголчууд өртөөд зогсохгүй тус улсад амьдарч, ажиллаж байсан гадаадын иргэд мөн өртсөн байдаг. 1947-1949 онуудад тус улсад энгийнээр оршин сууж байсан нэр бүхий 80 хятад иргэн Гоминданы тагнуулын байгууллагын алан хядах, галдан шатаах, хорлон сүйтгэх салбар хэсэгт элсэн орж, хот хөдөөд зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна хэмээн үзэж, тэдгээр хүмүүсийг 3 ээлжээр дайчлан байцаан хорьж, хэрэг үүсгэн шийтгэсэн байна. Эл хэрэгт “Порт Артурын” гэх нэр өгчээ.
БНМАУ-д 1952 онд маршал Х.Чойбалсан, ЗХУ-д 1953 онд И.В.Сталин нас барснаар нэг хүний дарангуйллын дэглэм сарниж, улс төрийн уур амьсгал харьцангуй зөөлрөн хамтын удирдлагын зарчим сэргэж эхэлсэн тэр үед МАХН-ын удирдлагын зүгээс 1930-1940-өөд онд явагдсан баривчилгаа, залхаан цээрлүүлэлтийн хор уршгийг арилгах асуудлыг хөндөж зарим нэгэн бүлэг хэргийг хянан үзэх санаачилга гаргаж эхэлжээ. Дотоод явдлын яам Намаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Дотоод яамны үйл ажиллагаанд гарч байсан алдаа завхралыг илрүүлэх ажлын хүрээнд Порт Артурын хэргийг дахин авч үзээд, уул хэрэг зохиомол хэрэг байсан байна гэдгийг тогтоожээ.
Улмаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1955 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хурлаар “Порт Артурын хэрэг” –ийг шалгасан комиссын илтгэлийг хэлэлцээд түүнд холбогдож шийтгэгдсэн хүмүүсийг суллан цагаатгаад мөн мөрдөн байцаалтад хууль бус арга хэрэглэхийг зөвшөөрсөн өмнөх үеийн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авчээ.
Энэхүү өгүүлэлд ХХ зууны 40-өөд оны төгсгөл үед буюу Дундад иргэн улсад иргэний дайн төгсгөл болж Гоминданыхны засаглал нуран унаж, коммунистууд засгийн эрхэнд гарсан тэрхүү үед Бүгд Найрамдах Монгол Ард улсад “Гоминданы тагнуулын хэрэг” хэмээх зүйлийг ДЯЯ-ны гуравдугаар хэлтэс үүсгэж, өргөн ажиллагаа явуулсан талаар болон түүнийг хожим нь хэрхэн авч үзсэн талаар дэлгэн тавина. Порт Артурын гэх хэрэг ямар зорилготой байсан хийгээд түүнийг захиалагч нь хэн, ямар хүчин байсныг бид өнөөдөр бүрэн мэдэх боломжгүй, гагцхүү таамаг дэвшүүлэх төдий байна. Учир нь Тусгай Архивын бүх материалыг үзэх эрх бидэнд байхгүй. Гэвч эл хэрэг цагаатгагдсан хэрэг учир зарим баримтуудыг үзэх боломжтой байна.
Ингээд ДЯЯ-аас мөрдөн мөшгөх хэрэг үүсгэн олон арван хятад иргэдийг дайчлан баривчлан байцааж, улмаар шийтгэсэн явдал хэрхэн явагдсан хийгээд хожим нь эл хэргийг зохиомол хэрэг хэмээн үзэж, хэрэгт холбогдон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шийтгэгдсэн хүмүүсийг хэрхэн цагаатгасан талаар Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архив болон Үндэсний Төв Архивд хадгалагдаж буй баримтууд дээр тулгуурлан дэлгэн тавьж, түүхэн үйл явдлын талаар үнэн бодит мэдээлэл хүмүүст өгөх нь зүйтэй хэмээн судлаач хүний хувьд үзэн энэхүү өгүүллийг бичсэн болно. Энэ хэргийг удаа дараа, тухайлбал: 1955-1956, 1994-2001 онуудад нэхэн сөхөн авч үзэж байсан нь хэрэг хуучирдаггүйн нэгэн илрэл бөгөөд хэргийн учиг бүрэн тайлагдтал энэ үргэлжлэх буй амуй.

Additional Files

Published

2020-01-01

How to Cite

Урангуа, Ж. (2020). Порт Артурын хэрэг. Historia Mongolarum, 19, 108–124. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5578