Зүүнгарын довтолгоо ба Усан зүйлийн байлдаан

Authors

  • Гэндэнжамц Бадамсамбуу

Abstract

Зүүнгарын сүүлчийн хүчтэй довтолгоо 1731-1732 онд Манжийн Халх нутагт өрнөжээ. Алтайн бүс дэх нөлөөллөө хамгаалахын (хил хязгаар тогтоохын) эргэн тойронд өрнөсөн энэ дайны чинадад ужиг зөрчилт Халх, Ойрадын нүүр тулсан эцсийн сорилт агуулагдаж байв. Манжид дагасан Монголд халдахыг "Халхад", "Алтайд", "их улсад" довтлох гэх зэргээр Зүүнгарт нэрлэж байв. Алдаж буй хүч, нөлөөгөө сэргээх Зүүнгарын энэ оролдлого бүтэлгүйтсэн нь Халхын бүсэд зохих хэмжээний сэргэлт авчрав. Эхний жил цохигдож ухарсан Зүүнгарын цэрэг Баруун Алтайн өвөрт (Зүүнгарт) буцаад, дараа жил нь харуулд дахин нэвтэрч шийдвэрлэх дайралтаа Усан зүйлээс үргэлжлүүлэв. Халхын гүн руу цөмөрч "Богдыг нь залж авч тахья" хэмээсэн Зүүнгарын нэгдсэн давшилт хоёр дахь жилээ ийнхүү үргэлжлэхэд Манж талын олон мянган цэрэг (манж, солон, халх цэргийн ангиуд) Усан зүйлд тосож хэсэгчлэн тулалджээ. Довтолгоог нутгийн гүн руу оруулалгүй хязгаарт таслан зогсоох зорилготой байв. Гэвч өмнөх жилийн эхний довтолгоонд Хотон нуурт ялагдсантай адилаар тэнд Манжийн тал дахин ялагдав. Хожим Манжийн сайд нараас Зүүнгарын энэ халдлагын дүнг авч хэлэлцэхдээ, Усан зүйлийн тулаануудаас баатарлаг байлдсан 300 солон (хамниган эвенк) цэргийг онцолсон байдаг. Тэднийг Усан зүйлийн байлдааны төлөөлөл болгож Манж дансанд тэмдэглэж үлдээжээ. Мөнхүү солон дайчдыг баатрын ёсоор авч үзэх, нэхэн шагнахыт ч Эзэн хаанаас бас шийдэв. Тэгэхэд, Усан зүйлд ялагдаж Халхын гүн руу дайсны хүчийг алдсан цэргийн гол захирагч нарыг авч хэлэлцэж шийтгэл оноожээ. Зүүнгарын довтолгоо хоёр жил гаруй үргэлжилэнээс нийтдээ таван сар орчим байлдаж, талуудаас давхардсан тоогоор 60000 цэрэг оролцжээ. Хоёр жилийн довтолгооны эхэн хэсгүүдэд зүүнгар амжилт олсон ч эхэлснээсээ тус бүр нэг сарын дараа ялагдал давтагдаж Алтайн чинад руу тэд буцаад хөөгджээ. Олон жил бэлтгэж, бүх нийтийг дайчилсан дайралтын эдсийн ур дүн ийм байв. Халхад довтолсон нь хунтайж Галданцэрэнгийн гол алдаа болов. Ялагдсанаас хойш Зүүнгарын гадаад, дотоод хямрал эргэлтгүй гунзгийрч дахин сэргэсэнгүй. Урьд судлагдаагүй Усан зүйлийн байлдааныг цухас шинжлэх дашрамд, Зүүнгарын хан Галданцэрэнгийн суулчийн довтолгооны уг шинж, зорилго ба тухайн цагийн Зүүнгарын цэрэг, улс төрийн нөхцөлийг сурвалжаас нэмж тодотгох боломж бурдэв. Цаашид энэ сэдвээр, Усан зүйлээс гадна Хотон хурган нуур, Ховд, Цэцэг нуур, Сух алдах (Үүдэн цөл), Цагаан сүүл, Хэрсэн чулуу, Тамир, Эрдэнэзуу, Түй голд болсон хоёр намрын тулгаралтуудыг анхаарч судлах нь уг довтолгооны талаарх илүү бодитой үнэлэмжид хүргэнэ.

Additional Files

Published

2025-08-01

How to Cite

Бадамсамбуу, Г. (2025). Зүүнгарын довтолгоо ба Усан зүйлийн байлдаан. Historia Mongolarum, 23, 117–143. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10321